Ж.Хайрулла: Тархи хурдан эмчлэхгүй бол дорхноо сөгддөг эрхтэн

0
39

Төрийн шагналт, ардын эмч Ж.ХАЙРУЛЛАТАЙ ярилцлаа.

-Тантай хэдэн жилийн өмнө ярилцлага хийж байхад та тархийг “хэрэгт дуртай, муухай эрхтэн. Муу, сайн гэхгүй юм бүхнийг тусгаж авч чаддаг эрхтэн” гэж байсан даа. Гэхдээ энэ эрхтэн их эмзэг юм шиг ээ. Юм болгонд өртдөг шүү дээ?

-Хүний бие олон эд эрхтэнтэй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Хөл, гар, ходоод, гэдэс, элэг, бөөр, зүрх гээд олон эрхтэн дотроос хамгийн эмзэг нь тархи. Яагаад гэхээр, тархи гэдэг нь 30 гаруй тэрбум үйл ажиллагаатай эсээс бүрдэж байгаа. Жишээ нь, дуу дуулж байгаа хүнийг харах нүдний төв, тэр хүн өндөр, нам алин болохыг мэддэг төв гэж тусдаа, чанга дуугарч байна уу, аяархан дуулж байна уу, түүний хоолой шингэн байна уу гэдгийг мэддэг өөр нэг төв бий. Түүнийг сонсох чих гэхэд хэд хэдэн төвтэй гэх мэтчилэн бүх л үйл ажиллагаа зөвхөн тархины бүтээгдэхүүн. Бүгд тархинд бөөгнөрч байгаа. Тэгэхээр тархи юм болгонд өртөөд байна. Бас бүх л юманд оролцдог эмзэг эрхтэн. Тэгэхээр зүрх, элэг, ходоод өвдлөө гэхэд бүх асуудал заавал тархиар дамжиж мэдээлэгдэж байдаг. Ингэхээр бусад эд эрхтэнтэй харьцуулахад өвчинд нэрвэгдэх, тэднийг эсэргүүцэх чадвар, чадлаараа хамгийн гойд онцгой эрхтэн бол тархи. Тэгээд тархинд ямар нэг өвчин эмгэг бий болчихвол хурдхан шиг арга хэмжээ авахгүй бол дорхноо сөгдөөд өгнө.

-Бүх эрхтэн тархинаас хамааралтай гэхээр тархи, толгойгоо хайрламаар. Гэтэл хүмүүс толгой өвдөөд байна гэх мөртлөө өвчин намдаах эм уугаад л болчихдог. Тэгвэл толгой өвдөж байна аа гэдэг нь ямар нэг юм болохоо больж байгаагийн дохио биз дээ?

-30 гаруй тэрбум эс бүхий тархи дотроо маш олон хэсэг болж хуваагдаж байгаа. Жишээ нь, та бидний нүд толгойн урд хэсэгт, духны доод хэсэгт байна. Гэтэл харах төв дагзны хэсэгт байна. Бид ярилцаад сууж байна. Хэл амаараа ярьж байгаа мөртлөө хэл ярианы төв нь толгойн зүүн талын чамархайн хэсэгт байрлаж байна. Энэ мэтчилэн ой ухаан, сэтгэл санааны хямрал чинь голдуу духны хэсэгт хамаарагдаж байгаа. Ингэхээр ямар эвгүй зүйл хаана тусч байна вэ гэдгээс шалтгаалан тархины тодорхой хэсгүүд нь өвчин хэлж өгөх нь байна. Дагзны хэсэгт цохилт авлаа гэхэд хараагүй болчих жишээтэй. Нүд рүү хүрээгүй ч гэсэн төв рүү нь цохивол хараагүй болно. Зүүн талын чамархайн хэсэгт цус харвасан бол хэлгүй болно. Гэтэл зулайн оройн хэсэг дэх тархины баруун хэсэг бол биеийн зүүн талын гар, хөлийг удирдана. Тэгэхээр тархины баруун дээд хэсэгт цус харвасан бол зүүн талын гар, хөл хөдөлгөөнгүй болчихдог. Тийм болохоор тархинд байгаа хэсэг болгон өөрсдөдөө тохирох нөлөөллийн дор өвчинд өртөж байгаа юм.

Бид далайн давалгаа, цунами боллоо гэхэд хамгийн түрүүнд Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг далайн эрэг орчмын улс орнуудын тухай л бодно уу гэхээс Монголын тухай бодохгүй. Түүнтэй адилхан өөрсдийнх нь хариуцсан хэсэгт ямар нэг юм болоход тэр хэсэг нь өртөнө.

-Бас тархинд цус харвах нь ихэсчээ. Энэ юунаас болж байна вэ?

-Тархинд цус харвах нь элбэг. Гэхдээ хаана, ямар хэмжээтэй, ямар төвийг барьсан байна гэдгээс шалтгаалж өөр л дөө. Зүрхний төвийг бариад тусчихсан байна уу, амьсгалын уу, харааны төвийг барьсан байна уу гэдгээс шалтгаална.

-Тархины судас нарийссанаас болж мөн цус харвалт өгөх үү. Ер нь тархины судас юунаас болж нарийсдаг юм бэ?

-Зарим залуу эмч тархины допплерографи гэж шинжилгээ хийчихээд, таны тархины судас нарийсчихсан байна гэж залуучуудад хүртэл хэлдэг. Тархины судас нарийсах нь залууст тэр бүр тохиолдоод байдаггүй. Үнэхээр судасны хөндий нарийсаад, дотор нь гүйж байгаа цусны хэмжээ давчдан судас нарийсч, хатуурч болно. Гэхдээ энэ бол 40-50 наснаас хойш тохиолддог. Нөгөө нь сэтгэл санааны цочролоос болж судас агшдаг. Зүгээр тайван сууж буй хүний хажууд нударга зангидаж хутга бариад очвол тэр хүн айснаасаа болоод нүүр царай нь цайгаад явчихна. Тэр нь тархины судас агшчихлаа гэсэн үг. Яг тэр үед нь тархины судсанд цахилгаан бичлэг хийвэл судас нарийссан байна гэж хэлэхээс арга байхгүй. Үнэн хэрэгтээ тэр судас дотуур нь ямар нэгэн өнгөр суугаад нарийсч байгаатай адил биш. Судас агшсанаас болж судас нарийсч байгаа үзэгдэл.

Жишээ нь, сантехникийн хоолойнуудыг гурав дөрвөн жилд нэг удаа солихгүй бол дотор нь хага суугаад битүүрнэ. Төмөр зуухны яндан гэхэд хоёр сард нэг удаа хөөлөхгүй бол утаа хариад байдаг. Гэтэл хүмүүсийг 50, 60 нас хүрэх үед судасны дотор талаар өөхөн өнгөр суудаг. Тэгээд судасны хөндий нарийсна. Энэ бол насны дагуу бий болж байгаа байгалийн жам. Гэтэл 20-25 настай хүмүүсийн судас нарийслаа гэдэг нь нөгөө л сэтгэл санааны хямралтай холбоотой агшиж байгаа болохоос биш судас нарийсч байгаа биш. Эмчлэхэд хүртэл хэрэглэдэг арга нь өөр байдаг.

-Тархины өвчин, мэдрэлийн мэс заслын тохиолдол сүүлийн үед ихэсч байна. Энэ нь ямар шалтгаантай байна вэ?

-Мэдрэл, элэг, ходоод, уушиг, бөөр, дэлүүний гээд бүх л өвчин жилээс жилд нэмэгдэж байгаа мэт статистикийн үзүүлэлтүүд гардаг. Үүнийг хоёр янзаар ойлгож болно. Үнэхээр 30-50 жилийн өмнөхтэй харьцуулахад өвчлөл нэмэгдэж байгаа. Өмнө нь тохиолдож байгаагүй Африкийн орны, Алс Сибирийн гэгддэг өвчин хүртэл Монголд тохиолддог болсон.

Нөгөө талаар хүн амын суурьшил нягтраад, уул, ам болгонд хоёр, гурваараа айл болон тархмал байдалтай амьдарч байсан үед өвдөх, үхэх нь тэр болгон сонсогдоод байгаагүй учраас ховор байсан юм шиг санагддаг байж болох талтай. Одоо бол бөөгнөрч, зөвхөн УБ хотод гэхэд хүн ам нь сая 500 орчим болоод байна. Гэтэл 1940-өөд оны үед намайг УБ-т анх орж ирэхэд хүн ам 400 мянга хүрэхтэй үгүйтэй байсан.

Монголчуудын хувьд бол яг нэмэгдэж байгаа нь элэгний, уушиг, ходоодны, тархи, нугасны гээд хавдрын төрлийн өвчин нэмэгдээд байна. Хавдар юунаас үүсдэг вэ гэдэг нь одоо хүртэл шинжлэх ухаанд тогтоогдоогүй зүйл. Жишээ нь, утаа тортогноос болоод хавдар үүсч болох уу гэвэл болно. Бид утаан дотор, нүүрсхүчил дотор амьдарсаар л байна. Идэж ууж байгаа хоол ундны чанар ямар байгаа билээ, янз бүрийн химийн бордоо хэрэглэсэн төмс хүнсний ногооноос эхлээд хүнсэнд хэрэглэж буй зүйлс маань хавдар үүсэх шалтгаан болж байна.

-Гэхдээ манайд тархины хавдар харьцангуй цөөн тохиолддог биш үү?

-Тэгвэл хавдар биш тархи мэдрэлийн асуудлыг тусад нь ярья. Тархи, мэдрэлийн хувьд хамгийн их тохиолдож байгаа өвчин гэвэл тархины цус харвалт. Цус харвалт гэдэг нь хүний цусны даралт ихэссэнтэй холбоотой. Цусны даралт ихсэх нь олон шалтгаантай. Энэ шалтгаанууд дотроос онцгойлж гурвыг нь хэлье. Хамгийн гол асуудал бол сэтгэл санааны хямралтай байдал. Жишээ хэлье. Талхны үнэ 600-800 байснаа огцом нэмэгдэхээр ялангуяа ядуу, эмзэг бүлгийн хүмүүсийн тархинд шоок болтол айхтар нөлөө үзүүлнэ. Энэ нь тархины судас агшина гэсэн үг. Ямарваа нэгэн эд эс цочихоор агшиж бөөрөнхий байдалд ордог шүү дээ. Зараа, могой юу ч байсан цочоовол бөөрөнхийлөөд биеэ хураадаг. Түүн шиг хүний сэтгэл санаа хямрахаар хүмүүсийн цусны судас агшаад, битүү судаснууд нарийсч, нарийн судсуудаар цус гүйхээ болин, энэ нь даралт ихсэх нэг том шалтгаан болдог. Тэгээд даралт ихэссэнээс болж судасны хана тасарч, эсвэл хагарч харвалт үүснэ. Энэ бол хамгийн ойрын жишээ, талх тариа, мах ногооны л асуудалтай холбоотой. Нөгөө талаар Оюутолгой, Тавантолгой гэж байна. Монголын газар нутгийг хятадууд, канадууд, америкууд эзэлчихлээ гэж байна. Энэ бүхэн юм ухаардаг, эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийн сэтгэл санаанд ямар нөлөө үзүүлж байна гэхээр бас л хэзээний түгшүүр гарч ирнэ. Энэ нь мөн л сэтгэл санааны хямрал мөн. Үүнээс болж даралт ихсэх үү, ихэснэ.

-Энэ мэтчилэн даяаршил, нийгмийн байдалтай холбоотой юм уу, дээхэн үед хөгшчүүлийн гэгддэг байсан даралт ихсэх өвчин залуучуудад ч элбэг тохиолддог болсон шүү дээ?

Үнэн. Зөвхөн насанд хүрэгчдийн даралт ихэсдэг байсан бол одоо залуучуудын даралт ихэсдэг боллоо. Хот дотор машины урдуур гарцгүй газраар гүйж байгаа залуучуудыг хар л даа. Айж сандран ингэж яваа хүмүүс байнгын сэтгэлийн түгшүүртэй байна. Энэ нь нөгөө л даралт ихсэхэд нөлөөлнө.

-Та түрүүнд утаанаас болж хавдар үүсч болно гэсэн. Утаа бас цус харвалтад нөлөөлөх үү?

-Улаанбаатарын утаа дэндэж байна. Үүнээс гадна Завхан, Дорнод гэх мэтчилэн зарим аймгийн утаа ч ихэсч байна. Энэ нь ч даралт ихсэхэд нөлөөлж байгаа. Явсаар байгаад нөгөө л тархины цус харвалтад хүргэнэ. Өөр нэг томоохон шалтгаан гэвэл, тархины төрөлхийн гажгууд их болжээ. Бид хүүхдийн тархины гажиг, нуруу нугасны гажиг гэдгийг өдрийн од шиг үздэг, хардаг, ярьдаг байсан бол одоо манай гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт долоо хоногт дор хаяж долоо, арван хүн тархины судасны гажгаар хагалгаанд орж байх юм.

Тархины судасны гажиг гэдэг нь юу юм бэ гэвэл, анагаах ухааны үүднээс аневризм буюу судасны цүлхэн гэдэг. Энэ цүлхэнтэй хүмүүс Монголд маш их гарч байна. Харьцуулаад үзэхэд 200 сая хүн амтай Оростой харьцуулахад Монголд тархины судасны гажигтай хүн хэд дахин илүү тохиолдож байгаа юм. Хүүхдүүдийн тархи нугасны судасны гажиг мөн л хоол унд, утаа тортог, автомашин гэх мэтчилэнгийн ахуйн нөхцөлтэй холбоотойгоор ихэсч байгаа юм. Гэхдээ энэ нь алсдаа гайгүй болох учиртай эмгэгүүд.

Гэмтлийн асуудал гэж байна. Миний багцаалж байгаагаар, УБ хотод өдөрт 120-160 хүн гэмтэж ирж байна гэж ярихаас биш, 100-гаас доош ярина гэж байхгүй. Ялангуяа өвөл энэ тоо нэмэгдэнэ. Иймэрхүү байдлаар яриад байвал олон өвчин нэмэгдээд байгаа тал бий. Дэлхийн улсуудтай харьцуулаад үзэхэд Монголд тархины цус харвалт мэдэгдэхүйц илүү байгаа юм. Тийм учраас МСС-гийн хөрөнгөөс Монгол Улсад тархины цус харвалтыг оношлох, эмчлэх гэдэгт зориуд нэг хэсэг мөнгө гаргах асуудал байгаа юм. Энэ нь дэлхийн анхаарлын төвд орчихсон байна гэсэн үг.

-Тархи, мэдрэлийн мэс заслын нарийн мэргэжлийн эмч манайд тун цөөхөн гэдэг. Ийм эмч бэлтгэх тал дээр та бүхэн багагүй анхаарч байгаа бололтой?

-Тархины мэс заслыг биеэ даагаад хийж байгаа хоёрхон газар бий. Нэг нь гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасаг. Хоёр дахь нь манай тасгаас тасарч гарсан хувийн “Ачтан” эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасаг ажиллаад арваад жил болж байна. Нийлээд уртаашаа тархины мэс заслын нарийн мэргэжлийн арваад эмч л байна. Дархан, Эрдэнэт болон нэгдүгээр эмнэлэгт эмч нарыг сургасан байгаа. Гэхдээ аппарат, тоног төхөөрөмж нь байхгүй, туслах хүн нь байхгүйгээс тэнд тэс засал хийх боломжгүй байна.

Тархины мэдрэлийн мэс заслын нэг онцлог нь нэг хүн хагалгаа хийхгүй шүү дээ. Гурав, дөрөв, заримдаа зургаан хүн хагалгаа хийдэг. Тийм комплекс болж чадахгүй байгаа болохоор сургасан эмч нар маань очсон хүмүүсийг үзээд, оношлоод, тэгээд манай эмнэлэг рүү л явуулаад байгаа болохоос биш өөрсдөө хийхгүй байгаа. Тархины мэс заслын эмчилгээ шаардлагатай байгаа аймаг, орон нутгаас УБ хотод ирж амжихгүй байгаа хүмүүс нь тэндээ эмнэлгийн тусламж авч чадахгүй өнгөрч байна гэхэд хилсдэхгүй.

-Яагаад ийм цөөн байдаг юм бэ. Маш нарийн мэдрэмж, ур чадвар шаарддаг болохоор тэр үү. Эсвэл айдаг хэрэг үү?

-Үнэхээр айдаг. Би 20 гаруй эмч дагуулж сургасан. Тэднээс үлдэж байгаа нь энэ хэд. Бусад нь нэг, хоёр жил, хагас жил ажиллаад барахгүй юм байна, үхэл ихтэй юм байна гээд больсон.

Одоо ажиллаж байгаа манай эмч нар маш чадалтай, хэний ч дор орохооргүй мундаг, гар сайтай хүмүүс. Харин багаж төхөөрөмж л тиймхэн. Бид хэд хэдэн орны эмч нартай хамтарч ажилладаг. Японы эмч нар одоогоос арваад жилийн өмнө манайд ирж, бидэнтэй хамт хагалгаанд орсон. Нөгөөдүүл хагалгааны үеэр тагнай ташаад байхаар нь гайхаад байлаа. Мэс заслын дараа танай багаж их хэцүү юм гэдэг байгаа. Сүүлд Камо профессор, Хайрулла минь, танай монголчууд тийм их тэсвэр тэвчээртэй, хатуужилтай, тусгай бүтэцтэй хүмүүс байдаг юм уу. Та нарын гар хуруу тийм ид шидтэй юм уу, танай багажаар хагалгаа хийж байхад энэ хүн маргааш, нөгөөдөр байхгүй болох байх даа гэж бодож байтал өндийгөөд сууж байх юм, сонин юм гэж гайхаж байсан. Сүүлд нь хоёр, гурван удаа ирэхдээ өөрсдийнхөө багажтай ирсэн.

-Толгой, тархины гэмтэл хэзээ хойно, арав хорин жилийн дараа ч илэрдэг гэдэг дээ. Гэмтлийн нөлөө тийм удаан үргэлжилдэг гэсэн үг үү?

-Хүмүүст ойлгомжтой болгохын тулд нэг жишээ хэлье. Хөл хугараад, эсвэл гар гэмтээд тэр нь ивлэж эдгээд, бороолоод, гурав, таван жил болчихсон хойно үүл гараад бороо орж, агаар тэнгэр муудаад ирэхээр хэдэн жилийн өмнө хугарсан хөл, гар нь янгинаж өвдөөд, тэнгэр муухайрах нь гэдэг. Яагаад гэхээр, гэмтэлд өртөгдсөн яс, арьс, мах, шөрмөс, булчин юу ч бай, гэмтсэн л байх юм бол тэр хэсгийн мэдрэлийн эсүүд эмзэг, мэдрэг болоод хоцорч байгаа юм. Тухайн үед тоохгүй явсаар гайгүй болчихдог. Тэгээд өвдөхгүй явж байгаад нэг өдөр ханиад томуу хүрэх, эсвэл бүдэрч унаад тархи толгойгоо доргиодог ч юм уу, ямар нэг эвгүй юм болбол дасал нь алдагдаад сэдрээд гараад ирж байгаа юм. Үүнийг гэмтэл нь хожим хойно гарч ирлээ гэж ярьж байгаа болохоос байж л байгаа гэмтэл. Тиймээс ул мөргүй эдгээх, сайхан болгохын тулд хүмүүс гэмтэл, өвчнөө сайн эдгээх арга хэмжээ авах ёстой.

Тархи байнга л ажиллаж байдаг ер бусын эрхтэн. Зүрх, тархи хоёр амардаггүй байх аа, тийм үү. Эсвэл хүн унтахад ч юм уу, юм бодохгүй суувал тархи амрах уу?

-Хоёр янз. Тархи дотор талдаа тусгаар төвүүдтэй. Хуруу зузаан хэсэг нь тархины бор давхарга. Энэ бол тархийг ерөнхийд нь удирддаг хэсэг. Доод талд нь давхарга дор байгаа төвүүд бий. Хүн унтах үед гадна давхарга, доторхи хоёр нам унтсан байх ёстой. Тэгвэл зүүдлэх ч үгүй, ярих ч үгүй сайхан унтана. Гэтэл зарим хүн унтаж байгаа мөртлөө босч, юм ярих, морио унаж, адуугаа тууж авчирна, гүү бариад эргээд юу ч болоогүй юм шиг унтах тохиолдол байдаг шүү дээ. Ийм хүмүүсийг лунатик гэдэг. Энэ нь давхаргын доорхи төвүүд сайн унтаж чадаагүйтэй холбоотой. Жишээ нь, хэл ярианы төвүүд нь унтахгүй бол унтаж байгаа мөртлөө яриад байдаг. Орондоо шээчихлээ гэдэг. Энэ нь давсаг удирддаг төв нь сэрүүн байгааг илэрхийлж буй. Тэгэхээр унтах үед тархины хэсгүүд янз янзаар ажиллаж байгаа гэсэн үг. Тархи бүхлээрээ унтаж байгаа үед зүүдлэхгүй сайхан нам унтана. Маргааш нь их сэргэлэн босно. Шөнө нь зүүдэлж хоносон хүн өглөө босохдоо нэг тиймэрхүү байдаг.

-Сүүлийн үед мэдрэлийн ядаргаа гэж тархийг зовоодог өвчин газар авч байна. Өртөөгүй хүн ч ховор боллоо. Хүүхдүүд хүртэл ядаргаанд ордог болж?

-Мэдрэлийн ядаргаа гэдэг ерөнхий зүйл. Хоорондоо холбогдохоо больсон тархины төвүүдтэй холбоотой. Жишээ нь, ходоод, бөөр өвдөөд байна гэдэг нь дарангуйлаад байгаа бор давхарга хариуцлагагүй байна гэсэн үг. Тархи, мэдрэлийг төрийн гурван өндөрлөгтэй харьцуулж бичсэн байдаг. Дээрээ суудлаа олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг шиг бор давхарга өөрөө стресст ороод суудлаа олж чадахгүй байгаагаас болж нойр хулжиж, ходоод муудаж, бөөр давсаг өвдөж байгаа юм. Төвүүд нь цочрол аваад байна. Ийм хүмүүст тус бүрт тохирох эмчилгээг хийнэ үү гэхээс бүгдийг нь яг адилхан эмчилж болохгүй. Бөөр давамгайлсан хүнд бөөрний эмчилгээ хэлж өгөх хэрэгтэй. Зүрх нь давамгайлаад өвдөөд байвал зүрхний эм бичиж өгөх хэрэгтэй. Би бүгдийг нь мэдэхгүй болохоор заримыг нь мэргэжлийн эмчид оруулж өгнө.

эгвэл тархийг яаж амраах ёстой вэ?

-Тархийг их олон аргаар амрааж болно. Тархи яагаад ядардаг, яагаад амардаг юм. Тархи олон төрлийн мэдээлэл авна, төдий чинээ тархи ядарна. Тэгэхээр тэр мэдээллүүдийг өөр мэдээллээр солих юм уу, нүдэнд харагдаж байгаа өчнөөн олон юмыг харагдахгүй байгаа өөр юмаар сольж чадвал сая амарна. Ф.Энгельс юм бичиж байгаад ядрахдаа шатар тоглодог байсан. Энэ бол өөр. Бичиж байхдаа бодож байсан юмнууд нь шатар тоглохоор алга болж анхаарал нь өөр тийшээ хандаад явчихаж байна. Хоньчин хүн алаг цэцгийн дунд, аглаг хөндий дотор хонио тасралтгүй хариулж яваад мэдрэлийн ядаргаанд орчихно. Хонио хариулж явахдаа зүгээр явахгүй л дээ. Хаана хурга үлдэж байна, хаана үс ноос нь унаж байна гэдэг юм уу, хээл хаяж байна уу, цаг агаар ямар байна гэх мэтчилэн сэтгэл нь байнга зовж явдаг. Тийм хүнийг өөр газар аваачиж, чулуу нүүрс ухуулж байсан туршлага надад бий. Сайхан эдгээд явж байсан. Чулуу ухаж байгаа хүн юун хонь бодох манатай байна биз дээ.

-Бид тархиа амраана гэж юу ч хийхгүй, үзэхгүй, харахгүй, уншихгүй, зүгээр л хэвтэхийг хэлдэг. Энэ нь тархиа аврах нэг арга биш үү?

-Юу ч хийхгүй, юм харахгүй, уншихгүй, сонсохгүй амрах гээд дээшээ хараад хэвтэж байна гэж бодъё л доо. Энэ тохиолдолд тархитай л юм чинь юм бодохгүй байна гэж байхгүй шүү дээ. Сайхан, муухай ямар нэг юм заавал бодно. Мэдрэлийн ядаргаатай хүмүүс надаас зөвлөгөө авах гэж их ирдэг. Унтаж чадахаа болилоо гэж. Тэгэхээр би тэдэнд, та унтах юмсан гэж баруун тийш, эсвэл зүүн тийш эргэж хөрвөөгөөд байх хэрэггүй. Нүдээ аньчихаад сайн сайхан юмыг төсөөлөн бодсоор байтал хэзээний унтчихсан байдаг юм. Далайн давалгааг ч юм уу. Түүнээс муу муухайг, аль болох болохгүйг бодвол тэрнээс иисэн юм болно. Ер нь л нүдээ аньчихаад юу ч бодохгүй байна гэж байхгүй дээ.

Түүнээс гадна долоо хоногт нэг удаа сайхан цэвэр агаарт, салхинд гарч занших хэрэгтэй. Тэгээд усны зах дээр очих, усны ширхэг тоолох, модны мөчир тоолох, модонд явахын гол агуулга юундаа байна вэ гэхээр, тэнд хүчилтөрөгч ихтэй байна. Хүчилтөрөгч ихтэй байна гэдэг нь бидний уураг тархинд хэрэгтэй гол хоол. Тэр хүчилтөрөгчийг хэчнээн идэвхтэй сорж авна вэ, төдийчинээ таны тархи хангалттай хоол ундаар хангагдаж байна. Хангалттай хоол ундтай бол тархи сайн ажиллана. Амрах нь сайхан. Өлсгөлөн зарласан хүн ямар байдаг билээ. Хоол ундаар хангагдаагүй тархи түүнтэй л адил байна биз дээ.

Ер нь хүмүүс нэг нэгэндээ итгэж, тэтгэж, нэг нэгийгээ инээлгэж байх нь стресс тайлах сайхан арга. Гэтэл бид аятайхан мэндлээд, мишээгээд инээмсэглээд өнгөрөхийн оронд уурласан царай биш гэхэд сайхан тэнэгэр хөмсөгтэй явдаггүй дээ. Доошоо харсан шигээ, хөмсөг зангидсан шиг яваад өнгөрч байх жишээтэй. Өнөөдөр амьдрал тийм байна.

Л.Тунгалаг

Эх сурвалж: Үндэсний шуудан

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here