Л.Энхсайхан: Архаг стресс удаан хугацаанд даамжирвал саажилт илэрч болно

0
63

-Сүүлийн үед невроз буюу мэдрэлийн архаг ядаргаа тусах нь ихсэж байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Зарим эмнэлэгт невроз эмчлэх тусгай тасаг хүртэл байгуулсан байгаа. Тэгэхээр уг өвчнийг үүсгэдэг гол шалтгаан юу юм бэ?

-Невроз буюу мэдрэлийн архаг ядаргаа нь олон төрөл хэлбэртэй. Үүнийг үүсгэдэг шалтгаан нь цочмог болон архаг стресс юм. Цочмог гэдэг нь гэнэтийн янз бүрийн мэдээ сонсдог ч юм уу, түүнээсээ болоод ярих эсвэл явж чадахаа болих, нойргүй болно. Харин архаг стресс нь удаан хугацаагаар стресстэж явсантай холбоотойгоор үүснэ. Энэ нь олон хам шинжтэй. Тухайлбал, ойр ойрхон өвдөх, сульдах, нойргүйдэх зэрэг хам шинжтэй. Үүнийг хүмүүс хэт ажилласнаас үүдэлтэй гэж ойлгох нь байдаг. Гэхдээ амьдралын дарамт удаан хугацаанд үргэлжилснээс мэдрэлийн ядаргааны байдалд орж байгаа юм. Хүн стрессийн байдалтайгаар удаан хугацаагаар явбал бие махбод нь бодитоор өвдөх нөхцөл бүрддэг. Тухайлбал, даралт ихсэхээс эхэлнэ.

-Цочмог стресс нь ядаргаа үүсгэх нэг шалтгаан нь болж, үүнээс ярьж хэлэхээс эхлээд саажилт илэрч болох юм байна. Ингэж саажилт өгсөн тохиолдолд буцаж хэвийн байдалдаа орох уу?

-Архаг стрессийн байдал нь даамжирсаар эсвэл гэнэтийн цочролоос саажилт илэрч болно. Тухайлбал, хэлгүй, хараагүй, явж чадахгүй болох тохиолдол байдаг. Гэхдээ энэ тохиолдолд тухайн цочрол нь тайлагдаад ирэхээр хэвийн байдалд ордог.

-Ер нь мэдрэлийн архаг ядаргаа хүндэрвэл ямар эрсдэлтэй вэ?

-Неврозтой хүн маш их бухимдалтай болдог. Үүнээс болоод ажиллаж, амьдрахад нь асуудал гарч болно. Үүнээс гадна манайхан хэтэрхий ууртай. Уур бухимдлыг нүдэнд харагддаггүй хорт бодис гэж хэлж болно. Үүнийг дарж чадвал харвалт ямар нэг хэмжээгээр багасна гэж ойлгож болно. Даралт нь 150-тай байдаг хүн уурлаж, бухимдахаар даралт нь 200 хүрнэ. Тэгэхээр судасны хана нь даралтыг даахгүй хагарч, улмаар цус харваж байгаа юм. Тэгэхээр хувь хүн өөрийгөө болоод гэр бүлээ хайрлаж, уурлаж бухимдахгүй байх хэрэгтэй.

Мөн одоогоор хавдрын гол шалтгаан нь тодорхойгүй байгаа. Тэгэхээр хавдар үүсэхэд нөлөөлж болох шалтгаан нь стресс гэж хэлж болно.

-Мэдрэлийн архаг ядаргаа нь стресстэй холбоотойгоор үүсгэгддэг учир хүний сэтгэл санааны байдал маш их нөлөөлнө гэж ойлгож байна. Тэгэхээр сэтгэл зүйгээ засаж, эрүүл байлгахын тулд яах ёстой вэ?

-Хамгийн түрүүнд өөрийгөө танин мэдэх хэрэгтэй. Үүний дараа тухайн асуудлаа шийднэ. Харин асуудлаа шийдсэн ч болохгүй бол мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй. Ингэснээр мэргэжлийн сэтгэл зүйч архаг стрессийн бодлоос гарах гарцыг зааж өгнө.

Мөн өөртөө чанартай амралт гаргаж, дасгал хөдөлгөөний идэвхтэй бай. Ер нь стресс тайлах нэг арга нь дасгал хөдөлгөөн байдаг. Хүнийг эрүүл байлгадаг гол зүйл нь зөв хөдөлгөөн юм. Үүнээс гадна хүн болгонд өөрт тохирсон стресс тайлах арга байдаг. Түүнийгээ хийх хэрэгтэй. Тухайлбал, хөдөө гадаа явах, кино, үзэх найз нөхөдтэйгөө уулзахад сайхан байдаг бол түүнийгээ хийх хэрэгтэй.

-Хүмүүс хавар болохоор ядарлаа гэж дусал, тариа хийлгэх болсон байна. Үнэхээр улирлаас шалтгаалан хүний биеийн  дархлаа суларч, ядаргаанд ордог юм уу. Үнэхээр ядаргаанд орсон бол дусал, тариа хийлгэх нь хэр үр дүнтэй байдаг юм бэ?

-Өвлийн улиралд хүний биеэс маш их энерги зарцуулагддаг учраас улирал солигдох нь тодорхой байдлаар хүний биед нөлөөлдөг.  Үүнийг дагаад хүний биед тодорхой өөрчлөлт гарч болно. Тухайлбал, даралтын ялгаа, цаг агаарын өөрчлөлт нь зарим нэг өвчнийг сэдрээх нөхцөл болдог. Даралт хэлбэлзэж, үүнээс харвах магадлал өндөр болно гэсэн үг.

Гэхдээ манайхан ядаргааг заавал эмнэлэгт хэвтэж тайлна гэсэн ойлголт буруу ойлголт байна. Ер нь дусал хийлгэхээр биеийн дархлаа сэргэж, ядаргаа тайлагдана гэж байхгүй. Дусал, тариа нь тодорхой зориулалттай зүйл. Тийм учраас ядаргаа гэдэг өвчний мөн чанарыг сайн ойлгох хэрэгтэй. Хүмүүсийн хэлдгээр мэдрэлийн ядаргаа нь үндсэндээ мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хямрал, өөрчлөлтөд хүргэдэг өвчин юм. Хэт их цочмог стресс болон удаан хугацаанд стресстэж байснаас мэдрэлийн үйл ажиллагаа хямарч байгаа юм.

-Стрессээс болж, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа хямарвал хүний биед ямар өөрчлөлт гарч, ямар хам шинж илэрч болох вэ?

-Стрессээс үүдэлтэйгээр мэдрэлийн тогтолцоо хямрахад нойр муудах, ажлын чадамж, үр дүн буурах, бие сульдах зэрэг ерөнхий шинж илэрнэ. Харин биеийн талаас хоолны дуршил буурах, хоолны шингэц буурах, зүрхээр өвдөх, даралт хэлбэлзэх, янз бүрийн өвдөлт мэдрэгдэх, ойлгоц муудах зэрэг олон шинж илэрнэ. Үүнийг өөрчлөхийн тулд стрессийн асуудлаа зөв шийдэх хэрэгтэй. Ядаргаанд оруулж байгаа зүйлийн үндсийг нь арилгахгүйгээр тариа, дусал хийлгэвэл үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр тухайн хүнийг стресстүүлж, түүнээс ядаргаанд оруулж байгаа зүйлийг олох шаардлагатай. Тухайлбал, өр ширтэй бол түүнийгээ шийд. Эсвэл өөрөө ямар нэг өвчнөөр өвдөөд байгаа бол бие махбодоо эмчлүүл. Үнэхээр өвдсөн юм шиг санагдаж байгаа бол шинжилгээ хийлгэ.

Хүн өөрийнхөө бие болоод сэтгэл санааг чухам яагаад байгааг мэдчихээд асуудлыг нь тухай бүрд шийдэж яв. Ингэвэл стресст өртөхгүй. Асуудлыг цэгцлэхэд аль болох сэтгэлийн мухарт ямар нэг асуудал үлдэхгүй байхаар шийддэг байх хэрэгтэй.

-Мэдрэлийн тогтолцоо хямарсан шинж тэмдэг биед илэрвэл хэрхэн эмчлэх вэ. Хувь хүний талаас юу хийвэл үр дүнд хүрэх бол?

-Хүний бие сулрахад дархлалын тогтолцоо ч мөн адил сулардаг. Үүнийг дэмжихэд тухайн хүн өөрөө эхлээд сэтгэл санаагаараа өөдрөг байх хэрэгтэй. Хэн нэгэн өвдөхгүй байх нь хувь хүнээс маш их хамаарна. Монголчууд “сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэдэг. Би ядраад байна гээд байвал  ядарна. Хүн сэтгэл санаагаа жолоодож сурах хэрэгтэй. Үүнээс гадна амралтын өдрүүдээр өөртөө чанартай амралтыг гаргах хэрэгтэй. Тухайлбал, гэр бүлээрээ тоглох, хөдөө гадаа явах, үзвэр үйлчилгээ үзэх, хоол иддэг ч юм уу аль болох өмнөх долоо хоногт болсон янз бүрийн асуудлыг хурдан марттал амар. Харин бие махбодын хувьд үнэхээр ядарч байвал эмийн бус аргаар эмчлэн сувилж болно. Тухайлбал, сүү цагаан идээ сайн идэх, жимс жимсгэнэ байгалийн бүтээгдэхүүнээс хэрэгтэй витаминуудаа авч, нөхөж болно. Аль болох эм, тарианаас хол байх хэрэгтэй. Яагаад гэвэл дусал, тариа нь хүний арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулдаг. Магадгүй тариа хийсэн газар нь бохирдвол идээ шүүс тархах эсвэл харшил өгч болно.

Ер нь ямар ч өвчнийг эдгээх хамгийн гол арга бол тухайн хүн өвчнийхөө тухай бүрэн зөв, мэдээлэлтэй болох юм. Тухайн хүн өвчнөө яах ёстой, ямар хоол хүнс хориглох, ямар дэглэм сахих, ямар эмчилгээ хийх гэх мэт мэдээлэлтэй болж, эмчтэйгээ ярилцах хэрэгтэй. Ингэснээр илүү үр дүнд хүрнэ. Гэхдээ өвчнийхөө тухай мэдээллийг бусдын ам дамжсан ярианаас бус бодит эх сурвалжаас авна.

-Толгой, хүзүү орчмоор хөших нь ядаргаатай холбоотой юу?

-Энэ бол тухайн хүний буруу хэвшилтэй холбоотой. Тухайн хүн ширээ, сандал дээрээ буруу суудаг байж болно. Эсвэл хэт хөдөлгөөнгүй сууж, өөрийгөө ядрааж болно. Дэлгэцтэй ажиллаж, удаан суудаг хүн хоёр цаг тутамд 10-15 минут амардаг байх хэрэгтэй. Ингэхдээ дасгал хөдөлгөөн хийвэл бүр сайн. Амарна гээд сандал дээрээ гэдийж суухыг хэлэхгүй, харин босоод  дасгал хөдөлгөөн хийх юм.

Эх сурвалж : itoim.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here